Гэдэсний том, жижиг байх нь чухал уу?

Жирэмсний үед эхийн гэдэс “том”, “жижиг” байх нь нэлээд олон шалтгаантай байдаг. Гэхдээ маш цөөхөн тохиолдолд “том” гэдэс сахарын өвчин, өндөр даралттай холбоотой байдаг.


Жирэмсэн ээж бүр өдөр ирэх тусам томорч байгаа гэдсээ хараад ихэд баярлан, орчин тойрных нь хүмүүс түүний гэдсийг хараад жирэмсэн гэдгийг нь мэдэж, хэвлий дэх үрд нь сайн сайхныг хүсээсэй хэмээн хүлээдэг. Энэ хугацаанд өөр жирэмсэн хүмүүстэй өөрийнхөө гэдсийг харьцуулж үзэх нь элбэг байдаг. “Чиний гэдэс их том юмаа, минийх яагаад ийм жижиг юм бол?” гэх зэргээр санаа зовинож, үүний талаар бодож эхэлдэг. Гэвч эхчүүд маань жирэмсэн хүн бүр, тэр бүү хэл жирэмслэлт бүр ижил байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны гэдэс ихэр хүүхэд тээж байгаа мэт том байхад зарим хүмүүсийн зөвхөн гэдэс хэсэг нь томроод л хүүхдээ төрүүлэхэд буцаад бие нь хуучин хэвэндээ орчихож болно. Жирэмсэн эхийн гэдэсний хэлбэр: эхийн биеийн өндөр, тарган, туранхай, эхсийн болон хүүхдийн байрлал, хэдэн кг жин нэмсэн, хэдэн хүүхэд тээж байгаа зэргээс хамааран өөр өөр байна. Тийм болохоор гэдэс том, жижиг байх нь санаа зовоох асуудал биш юм. Харин маш цөөхөн тохиолдолд жирэмсэн эхийн гэдэс хэт том эсвэл хэт жижиг байх нь эхийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой байдаг. 
Том гэдэс

Ураг орчмын шингэн их байх

Ургийн ус их байх тохиолдол нь: сахарын өвчин, ихэр жирэмслэлт, ургийн зүрхний агшилт сул байх зэргийн ноцтой байдлыг илэрхийлж байдаг. Гэвч ихэнхдээ ураг орчмын шингэн байх ёстой хэмжээнээсээ их байгаа шалтгаан нь олддоггүй. Ургийн ус байх ёстой хэмжээнээсээ их байх тохиолдолд хүүхдийг хэт шахаж дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг эрсдэлтэй. Ийм учраас ургийн ус их байгааг эртнээс оношлон, зохих арга хэмжээг авах нь эхийн болон хүүхдийн эрүүл мэндэд ач тустай.

Шийдвэрлэх арга: Хэвлийн дээд хэсгийн арьс хэт их татагдсан байх нь эмчийн анхаарлыг татаж, ургийн ус хэт их байгааг оношилж болно. Гэхдээ үүнийг хэт авиан дурангаар бататган оношлох ёстой. Хэрвээ ураг орчмын шингэн байх ёстой хэмжээнээсээ их байгаа нь тогтоогдвол ямар шалтгаанаас үүдэлтэйг олж зохих эмчилгээг хийх ёстой.

Сахарын өвчин

Сахарын өвчин нь эхэд хэт их жин нэмэхээс өөр эрсдэлгүй ч гэлээ, хэвлий дэх урагт нь анхаарвал зохих өвчлөлийг үүсгэдэг аюултай юм. Ээж нь сахарын өвчтэй бол хүүхэд хэтэрхий том төрдөг, төрсний дараа цусан дахь сахарын хэмжээ эсвэл кальцийн хэмжээ буурах, уушги бүрэн хөгжөөгүйгээс болж амьсгал бүтэх зэрэг асуудлууд үүсдэг. 

Шийдвэрлэх арга: Эхэд сахарын өвчин байгаа нь оношлогдвол мэргэжлийн эмч тухайн эхээс хоолны дэглэм бариулж, аль болох хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Ингээд ч цусан дахь сахарын хэмжээ их гараад байвал инсулины эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Жижиг гэдэс

Ургийн хөгжил удааширах

Жижиг гэдэс нь зарим тохиолдолд ургийн хөгжил муутай байгаан шинж тэмдэг байдаг. Мөн түүнчлэн энэ нь ургийн ус бага байх, эхэд давсаг, бөөрний өвчлөл байгаан дохио ч байж болно.        

Шийдвэрлэх арга: Хэт авиан дурангаар нарийн оношилгоо хийсний дараа шалтгааныг тодруулах хэд хэдэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Оношилгоо хийгдсэний дараа эх амьдралын хэв маягтай өөрчлөлт оруулж, эмээр эмчлэх шаардлага гарч болно.

Тамхи

Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд өдөрт 3 ширхэг тамхи татдаг жирэмсэн эх, огт тамхи хэрэглэддэггүй эхчүүдтэй харьцуулахад жижигхэн хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг байна. Нөгөөтэйгүүр тамхи нь зулбалт, дутуу төрөлт, гэдсэндээ эсвэл төрөнгүүтээ хүүхэд амьгүйтэх эрсдлийг нэмэгдүүлдэг аюултай.

Шийдвэрлэх арга: Хааяа нэг ганцыг татна гэж мөрөөдсөний ч хэрэггүй шүү.

Өндөр даралт

Өндөр даралт нь жирэмсний эхэн хэсэгт оношилж чадвал эмчилж болдог, харин оройтсон тохиолдолд эхийн болон ургийн эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй өвчин юм. Даралт хэт ихсэх нь жирэмсэн эхэд толгой, бөөр өвдөх зовиуруудын зэрэгцээ цус харвах эрсдлийг дагуулдаг. Мөн түүнчлэн өндөр даралтаас болж эхсийн цусан хангамж мууддаг учраас ургийн хөгжил удааширах, хэвлий дэх ураг амьгүйтэх аюул эрсдэлтэй байдаг.

Шийдвэрлэх арга: Эмчийн зөвлөсөн товлолоор цусныхаа даралтыг үзүүлж, хоол хүнсэндээ анхаарч, сайтар амрах хэрэгтэй.

Эмчийн хяналт маш чухал 

Жирэмсэн эх бүрийн гэдэс яг ижил хэмжээтэй томорно гэсэн хууль байхгүй. Угаасаа жирэмсэн эхийг эмчийн хяналтанд ороход нь хэвлий дэх ургийн байдлыг хэт авиан дурангаар харж оношилдог. Үүний зэрэгцээ цусны болон шээсний шинжилгээгээр эхийн болон ургийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг эмч нь хянаж байдаг. Өчүүхэн өөрчлөлт  гарахад л нарийн оношилгоо, шинжилгээ явагддаг. Тийм болохоор жирэмсний хяналтанд орсон, эмчийнхээ товлосон хугацаанд байнга очиж үзүүлдэг жирэмсэн эхчүүдийн хувьд гэдэс том, жижиг хэмээн санаа зовинох зүйл огтхон ч байхгүй. 
Эх сурвалж http://health.niigem.mn/
Next PostNewer Post Previous PostOlder Post Home

0 comments:

Post a Comment