Би "тийм юм идмээр байна, түүнийг хиймээр байна, ингэмээр байна" гэж ямбалах болгонд тэр минь дуугүй л эрхлүүлдэг. Ажилтай ядарч ирээд аяганы амсар олигтой ч зууж амжаагүй тэр минь орны хөндийд хурхиран унтаж байна. Намайгаа мөн үр зулзагаа эсэн мэнд бойжуулахын тулд ямар их зовж зүдэрч байгаа болдоо. Түүнийхээ царайг хараад анх танилцаж байсан үеэ дурслаа.
3 жилийн өмнө багшийн дээдийн сургуулийн үүдэнд үсээ үхэр долоолгосон юм шиг янзалчихсан, хувцасаа жимбийтэл сайхан өмссөн, нүдээрээ инээдэг инээхээрээ нүднийх нь дор гурван үрчлээ гардаг залуутай анх таарч билээ. Үг дуу цөөтэй, сэтгэл хөдлөлөө үйлдлээрээ илэрхтйлдэг энэ хүн одоо миний хамгийн нандин дотны хүн болжээ. Хүн бусдыг танихад дэндүү амархан, өөрийгөө танихад дэндүү хэцүү гэдэг. Харин миний найз энэ их хурдтай амьдралын урсгалд өөрөө өөртэйгөө ярилцаж чаддаг юм шиг ээ.
Нүдэнд дулаахан хацар нь бамбайсан энэ залууг Ган-Эрдэнэ гэнэ. Тэр айлын бага хүү. Гэлээ гээд ээж аавдаа нялхраад байдаггүй. Бүгдийг өөрөө хийж бүтээх эрмэлзэлтэй. Хувь хүн болох гэж ээж аавын энхрийллээс татгалздаг гэх үү дээ. Их сургуулийн гуравдугаар ангийн оюутан ч аль хэдийн амьдралд хөлөө тавьчихсан ухаалаг залуу. Хаврын эхэн сар гараад л хувийн бизнесийн ажил нь эхэлнэ. Төгсөлтийн баярын монтажны ажил, наадамд уралдах хурдан морьдын зураг татах гээд. Ингэж "нийслэл хүү" дараа жилээ аргауаах зардалаа өөрийнхөө хүчээр босгодог гэж болно.
Тэрний минь ганц сонирхол нь машин техник.
-Чи намайг ер тоохгүй юм. Надад анхаарал тавихгүй, дандаа л машин тэрэг гэж явах юм гэж гомдоллоо. Харин манай хүн -Би байнга л анхаардаг биз дээ. Тэгж ярих юм бол миний машин өвлийн хүйтэнд гадаа хонодог шүү гэж хээв нэг хариу барьсан даа.
Төмөр хүлэг гэхээр л хамаг байдгаа туучихдаг тэр минь "Намайг аав л өсгөсөн. Нярай байхад л миний шээстэй даавууг угаачихаад намайг тэврэн гэрийн гадаа цуглардаг авгайчуултай хов базаж суудаг байсан гэдэг дээ" гэж өрөвдөнхөн ярьдаг. Ёстой л аавын газар дээрх ганц үр нь дээ. Хэчнээн чухал амьдралыг нь шийдэх ажил байсан ч аав нь түүнийг дуудвал гүйгээд л очино. Тэрний минь амьдралын номер нэг нь түүний аав. Аав нь халамцсан үедээ "Аи хүүгээ зовоох ёстой. Энэ чинь миний гар дээр өссөн ганц үр минь шүү дээ" гэж хоолой зангируулна. Согтуу хүн сохор ухаантай гэдэг шиг энэ үгийг тэр минь цаг чмагт санадаг бололтой.
Тэр бороонд их дуртай. Учир нь хаврын хахирган шуургатай өдрүүдийг зөөллөн том том дусалтай аадар бороо орсон өдөр тэр минь мэндэлсэн. Аагим халуунд хатаж гандсан ногоог бороон дуслууд сэргээж хэд хоногтоо л борооны үнэр, чийг арилдаггүй. Тэрний минь сэтгэл яг л ийм. Хүний жаргал зовлонгийн хөгийг сонсож сэтгэлд нь тйим бороон дусал шиг зүйлийг үлдээж чаддаг.
Өөдрөг хүн өөдөөс нь шидсэн чулуугаар байшин барина гэдэг шиг миний найз цаг ямагт хүмүүст тусалж, хэзээ ч хүнд муу санадаггүй. Гурван шөнө нойргүй засварын ажил хийчихээд "чамд минь гар уайлгах юм өгсөн үү" гэхэд "Хүнээс юм хараад яахавдээ, дараа нь надад тусалж л таараа" гэнэ. Мөнгө хүний хаан болсон өнөө үед түүнд шцналын сэтгэл, элдэв муу зуршил байхгүй. Байдаггүй муу зуршил гэдэгт архи, тамхи орно. Бурхан түүнд сайхан сэтгэл заяасан ч байсан баян тансаг амьдрал заяасангүй. Учир нь тэр айлын бага ч гэлээ гэр бүлийнхээ хямралын асуудалд үргэлж сэтгэл нь зовниж явдаг. Гэвч тэр гутардаггүй. Хүн гэдэг газраас ургаад, газартаа шингэдгээс хойш баян ядуу, алдар нэртэй, эгэл жирийн байхын ялгаа байхгүй гэж бодох болжээ. Харин үхсэн ч, амьдарсан ч сэтгэлээрээ цэвэр тунгалаг байх ёстойг тэр мэдэрдэг.
Би ийм л сэтгэлээрээ баян залуутай нэг насны амьдралаа холбохоор шийдсэн. "...Азаар учирсандаа би жаргалтай.." гэдэг дуу шиг түүнтэйгээ учирсан минь амьдрал яг л чихэр шиг амттай бас хатуу байна. Хоёр биенээ хараад хайраар бялхаж амьдрах сайхан шүү.
0 comments:
Post a Comment