Нийгэмтэйгээ танилцацгаая

Эмэгтэй хүн бүрийн нэг насны жаргал бол мэдээж үр зулзагаа тээж төрүүлж, өсгөн бойжуулах явдал билээ. Хүн бүхэн л ингэж боддог байх. Миний хувьд ч гэсэн энэ амьдралыг минь гэрэлтүүлэх гайхамшигийг мэдэрч яваа. Эрт үеэс л эхлээд арван сар тээж төрүүлсэн ачит ээж минь гэж дуулан шүлэглэдэг. Үнэхээр л үр хүүхдээ тээнэ гэдэг бие махбодь, сэтгэл санаагаар өвдөх, зүдрэх, зовох үе зөндөө бий. Үүн дээр нэмэгдээд өнөөгийн нийгмийн байдал бие давхар эмэгтэйчүүд бидэнд давхар бэрхшээлийг үүсгэж байна. Ингээд би БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс сурвалжлага бэлтгэлээ.

Орох хаалганаас эхлээд нүүрэндээ зовлон шаналал, уур уцаар, хүлээлт тэвчээрийг харуулсан хүмүүс онгорхой хаалга болгоны үүдэнд дугаарлан зогсоно. Тэр дундаа хар хөлс нь цувчихсан, тогоо шиг том гэдэстэй эхчүүд энд тэнд сууж босон харагдана. Ямар ч байгууллагад хүлээн авах гэж тусгай ажилтан байдаг. Зориод очиход угтаад авах нь бүү хэл өөдөөс тань эгцэлчиж ч харахгүй. Ам нээж учир начираа хэлж амжаагүй байхад “5дахь өдөр хүртэл цаг дууссан” гэж ярвайж чанга хашгирана. За энэ ч яахав дугаарлаж байгаад хяналтанд орох эмч дээрээ цаг авч, товлосон цагтаа ирж уулзлаа. Баяр хөөрөөр дүүрэн сэтгэлийг минь тэр чигээр нь хөмөрлөөдөө. Учир нь цус, шээс, мазок гэх шинжилгээнүүд өгөх ёстой байдаг гэнэ. Анх удаа жирэмсэлж байгаа хүмүүс юу ч мэдэхгүйгээс болж эмчдээ зад загнуулах нь тэр. Танхимд жирэмсэн эхчүүд дугаараа хүлээж сууна. Тэднээс лавлахад ”За даа бараг л шөнө дөлөөр 3 цагийн үед ирж шинжилгээ өгөх дугаартаа оочерлоно. Өглөө ердөө 50 ширхэг л дугаар өгнө. Энэ нь эмнэлгийн гадаа түрүүлж ирсэн 50 хүн л тэр өдөртөө багтаж шинжилгээ өгнө гэсэн үг шүү дээ. Мөнгөтэй бол хувийн эмнэлэгт 50,60 цаас өгөөд л бүх юм нь болчихдог гэсэн” гэж зөвлөлөө.
Үнэхээр шинжилгээ өгнө гэдэг дайн л болж байгаа юм. Эмнэлгийн хаалга нээснээс хойш хоёр гурван цаг тэнд түм түжигнэж, бум бужигнана. Яагаад гэвэл өглөө найман цагаас есөн цаг хүртэл л шинжилгээ авна. Зарим нэг сүйхээтэй хүмүүс дугаар борлуулж жижигхээн бизнес хийчихнэ. Яарсан, залхуурсан хүмүүс бол тэр жижиг бизнесийг дэмжээд л байдаг бололтой. Ингээд хоёр, гурван газарлуу үсчиж, урд хойдох хүмүүсдээ захиж гуйж байж, хэрвээ та үнэхээр азтай л бол нэг өдөртөө багтаж бүх шинжилгээгээ өгч амжина шүү.
Эмчийн хяналтандаа орохын тулд дахиад л хүлээн авахын хэдэр ааштай ажилтан дээр дугаарлана. Цаг аваад ортол эмч минь “дутуу байна, одоо дотор, сүрьеэ, эхо гээд үзүүлнэ” гээд олон юм тоочино. Тэр бүгдэн дээр нь үзүүлэхийн тулд мянгуужингийн үлгэр шиг дахиад л өмнөх шигээ зовж зүдрэх болно. Харин жижиг наймаа хөгжиж буй тус эмнэлгийн эмч нар нь хүртэл тус бизнест нэрвэгдэж ээ. Учир нь “Оочер дугаар авах хэцүү байгаа биз дээ. Эмнэлгийн хажууханд тийм нэртэй хувийн эмнэлэг байгаа. Тэнд очоод үзүүлчих. Цайны цагийн үеэр л ажилдаг шүү. Үнэ төлбөр нь дажгүй” гэж жирмээнүүдийн толгойг сайхан угаана даа. Зарим боломжийн хүмүүс нь зовохыг хүсээгүйдээ эмчийн хувийн эмнэлэгийг зорино. Орлого багатай зарим нь дахиад л хэд хоног эмнэлгийн үүд манана. Энэ байдлаар ганц жирэмсэн эхчүүд гэлтгүй, өндөр настан, нялх хүүхдээ тэвэрсэн гэр бүл, энгийн иргэд гээд бүгдэд л эмнэлэгт үзүүлэх гэдэг асар том асуудал болж байгаа юм даа. Учир нь бид эрүүл мэндийн даатгалыг төлж байгаа үнэн болохоор эмнэлэгт үнэ төлбөргүй л үзүүлэх ёстой. Харин ганц   БЗД-ийн  нэгдсэн эмнэлэгт зөвхөн жирэмсэн эхчүүдийн хувьд ердөө эмчийн хяналтанд орох гэдэг ийм хүнд мөн ийм мөнгөний асуудал байна.
Тэгээд цааш нь төрнө, төрсөний дараа нялх үрээ үзүүлнэ гээд эмнэлгийн тал дээр асуудал зөндөө бий. Ингээд цааш төрөх судалгаагаа хийгээд гуравдугаар эмнэлэг дээр ирлээ. Эмнэлэг маань 45 ортой атлаа бусад амаржих газраас илүү ачаалалтай ажилладаг юм байна лээ. Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган иргэнтэй бөгөөд тус дүүргийн иргэд төрөхөөр бол уг эмнэлгийг зорьдог байна. Гэтэл төрөх эмнэлгийн ор 45 байдаг тул бие нь гайгүй, төрөх арай болоогүй бол эмч нь үзээд гэртээ харьж байгаад төрөхөө дөхүүлээд ир гээд явуулахаас өөр арга байдаггүй аж.
Тус амаржих газрын нэг өрөө 12 метр квадрат бол нэг өрөөнд дөрвөн эх амаржсаныхаа дараа хэвтдэг гэлээ. Харин олон улсын стандарт бол нэг амаржих эхэд 15 метр квадрат оногддог гэдгийг эмч нар нь хэлж байв. Эмнэлгийн нөхцөл байдал хүнд гэдэг нь эхчүүдийн амрах өрөөнөөс шууд мэдэгдэнэ. Хүүхдээ унтуулсан, хүүхдээ хөхүүлсэн эхчүүд өрөөнийхөө хаалгыг цэлийтэл нээжээ. Хаалгаар нь шагайхад л бүгчим халуун агаар пүнхийтэл угтана. Амьсгал давчдах шахам ийм нэг өрөөнд дөрвөн ээж, хүүхдүүдтэйгээ хамт байдаг юм байна. Эхчүүд “Халуун бүгчим байлаа гээд яахав дээ. Энэ нялх хүүхдүүд байхад цонх онгойлголтой биш” хэмээн хөлсөө арчин сууцгаана.
Намайг очиход 13 цаг хэдийнэ өнгөрсөн байсан тул амаржсан эхчүүд эхнээсээ эмнэлгээс гараад хүн цөөтэй байна гэсэн ч эмнэлгийн өрөө бүр хүнтэй, сул ор гэж байсангүй. Тус гуравдугаар амаржих газрын хувьд 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Эмнэлгийн хэт ачааллын улмаас янз бүрийн эрсдэл үүсч болзошгүйг эмнэлгийн эмч нар ярьж байлаа. 2012 онд УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачлага, дэмжлэгээр шинэ төрөгсдөд зориулсан хэрэгслийн цомог ашиглаж эхэлсэн. Харин 2015 оны төсөвт эм, эмнэлгийн хэрэгслийн зардлуудыг тодорхой хувиар танаснаас үүдэн бэрхшээл үүсээд байгааг мөн ярьцгааж байв.
Өнөөдөр гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа гэж бахархан ярьцгааж байгаа ч төрөх эмнэлгүүдийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Төрөх эмнэлгүүд хэвийн байдгаараа байгаа ч төсөв мөнгө нь л танагдаад байх юм хэмээн халаглан суух эмч нар ч бий ажээ.
“Эмнэлэгт амаржсан эхчүүд 18 цаг болоод эмнэлгээс гарч байгаагаас болж төрсний дахаа эх хүүхдийг хянах боломж тааруу байж магадгүй. Одоо эхнэр, хүүхдээ аваад гарлаа” хэмээн үглэн суух залуу гомдлын үг хаяж билээ. “Гуравдугаар төрөх эмнэлгээс бусад төрөх эмнэлгүүд илүү тээлттэй хүүхэд төрж байгаа бол манай эмнэлэгт илүү тээлттэй бүү хэл эмээр бөмбөгдөн хурдан төрүүлж байна. Тэгэхгүй бол дараагийн төрөх эхчүүд хүлээгдээд байдаг юм” хэмээн эмч нар үнэн үгээ хэлж байв. Эмнэлгийн коридорт нэг модон ор байх агаад дөнгөж төрсөн нярай унтаж байлаа. Ээж нь сая ариун цэврийн өрөө явсан хэмээн сувилагч нар хэлсэн юм. Төрөлт ихтэй үед бүр ч олон эхчүүд төрсний дараа коридорт байдаг байж мэдэх юм.
Тус эмнэлэгт амаржсан эхчүүд эмнэлгээс гарсны дараа хүүхдийн өлгий, даавуу тэргүүт зарим зүйлсийг талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон эмнэлэгтээ хандивладаг юм билээ. Саяхан нэг казах бүсгүй 20 өлгий өгсөн хэмээн эмнэлгийнхэн ам уралдуулан ярьцгааж байлаа. Хүний төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байгаа ч эмнэлгийн нөхцөл байдал төдий л сайн биш байгаа нь тус эмнэлгийн дүр зургаас харагдсан билээ.

Тэгэхээр төрсөн орондоо үрийн зулай үнэрлэнэ гэдэг хэцүү л даваа болж. Эсвэл орчин үеийхээр биш Жавхлангийн эхнэр шиг монгол гэрт араг түшиж төрдөг ч юм билүү. Гэхдээ ингэхийн тулд бие сайн байх хэрэгтэй. Хотын утаанд бачимдаж байгаа мань мэт шиг нь хэцүү л юм. Ингээд бодохоор яах ч аргагүй одоогийн нийгэмдээ дасан зохицох болоод байна. Хэрвээ мөнгөөр элбэг дэлбэг байвал арай өөр байх. Миний бидний үр зулзага, магадгүй бид ч гэсэн энэ байдлыг өөрчилж чадна. Хэдхэн жилийн дараа жирэмсэн эхчүүдийн асуудал бага ч гэсэн хөнгөрөх болтугай.
Next PostNewer Post Previous PostOlder Post Home

0 comments:

Post a Comment